Нууцлалын бодлого
Хамрах хүрээ: anketo.mn — анкет бөглөх вэб үйлчилгээ · Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 1
ТӨСӨЛ — хуульчийн баталгаажуулалт хүлээгдэж буй: Энэхүү баримтыг эрх зүйн зөвлөхөөр баталгаажуулж байгаа урьдчилсан хувилбар болно. Эцсийн хувилбар нь энэ хуудсанд нийтлэгдэх болно.
0. Тойм
anketo.mn (цаашид «anketo», «бид») нь Монгол Улсын төрийн албан хаагчийн анкет (Маягт-1, Маягт-2, Маягт-3) бөглөхөд туслах вэб үйлчилгээ юм. Энэхүү бодлого нь та манай үйлчилгээг ашиглах үед таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалахыг тайлбарлана.
Энэ бодлого нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Иргэний хууль болон Кибер аюулгүй байдлын тухай хууль-д үндэслэв.
1. Мэдээлэл хариуцагч
«Мэдээлэл хариуцагч» гэдэг нь таны мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийг хэлнэ.
- Үйлчилгээний нэр: anketo (anketo.mn)
- Эрхлэн гүйцэтгэгч: «[Байгууллагын нэр — нэмэгдэнэ]»
- Улсын бүртгэлийн дугаар: «[Улсын бүртгэлийн дугаар — нэмэгдэнэ]»
- Хаяг: «[Байгууллагын хаяг — нэмэгдэнэ]»
- Холбоо барих: hello@anketo.mn
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
2.1 Та анкетдаа оруулдаг мэдээлэл
Та анкетаа бөглөхдөө дараах мэдээллийг оруулна. Эдгээр нь танаас гаралтай — бид өөрсдөө бусад эх сурвалжаас цуглуулдаггүй:
- Таних дугаар: Регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар
- Хувийн мэдээлэл: Эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он сар өдөр, төрсөн газар, хүйс, иргэншил
- Хаяг, байршил: Оршин суугаа газрын хаяг, байнгын оршин суух хаяг
- Холбоо барих: Утасны дугаар (үндсэн, нэмэлт), яаралтай үед холбоо барих хүний дугаар
- Боловсрол: Сургуулийн нэр, мэргэжил, дипломын дугаар, огноо
- Хөдөлмөр эрхлэлт: Ажилласан байгууллага, албан тушаал, цол зэрэг, огноо
- Гэр бүлийн мэдээлэл: Гэр бүлийн байдал, гэр бүлийн гишүүдийн нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хамаарал
- Бусад: Цэргийн цол, гадаад хэлний мэдлэг, шагнал, намтар
- 3×4 хэмжээтэй гэрэл зураг (царайны зураг)
- Гарын үсэг (скан буюу зурсан дүрс)
2.2 Нэвтрэхэд цуглуулах мэдээлэл
Та (заавал биш) бүртгэл үүсгэхийг сонговол дараах аргын аль нэгийг ашиглана:
- Утасны дугаар + нэг удаагийн код (OTP): Та утасны дугаараа оруулах ба бид SMS-ээр нэг удаагийн код илгээнэ. Утасны дугаарыг нэвтрэлтэд ашиглах зорилгоор серверт хадгална (утасны дугаарыг тусад нь шифрлэх ажил хийгдэж байна).
- Google-ээр нэвтрэх (OAuth): Бид зөвхөн Google-ийн зөвшөөрсөн хэмжээний хаяг, нэрийг хүлээн авна.
Нэвтрэх заавал биш — нэвтрэлгүйгээр (нэргүй) анкет бөглөж, татаж авах боломжтой.
2.3 Төлбөрийн мета-мэдээлэл
Төлбөртэй хувилбар (цэвэр PDF) худалдан авах үед QPay-ийн дамжуулалтаар дараахыг боловсруулна: нэхэмжлэхийн дугаар, төлбөрийн төлөв (төлсөн/хүлээгдэж буй), дүн, огноо, анкетын дотоод дугаар. Бид таны картын дугаар, дансны дугаар зэрэг банкны мэдээллийг хэзээ ч хүлээн авдаг, хадгалдаггүй — үүнийг QPay шууд боловсруулна.
2.4 Техникийн журнал
Серверийн журналд IP хаяг, хүсэлтийн огноо/цаг, HTTP статус код зэрэг стандарт өгөгдөл хадгалагдана. Эдгээрийг алдаа оношлох, системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглана.
2.5 Вэб аналитик
Үйлчилгээгээ сайжруулахын тулд бид Vercel Web Analytics болон Speed Insights (Vercel Inc., АНУ)-ийг ашиглан хуудас үзэлт, гол үйлдлийн тоо (анкет эхлүүлэх, PDF татах, төлбөр төлөх гэх мэт) болон хуудасны ачаалах хурдыг тоолдог. Эдгээр нь күүки ашигладаггүй, IP хаяг хадгалдаггүй, хэрэглэгчийг хувь хүнээр нь ялгаж танихгүй. Анкетын агуулга, утасны дугаар, нэр зэрэг хувийн мэдээллийг аналитикт илгээдэггүй.
3. Эмзэг (онцгой) мэдээлэл — анхааруулга
Хуульд эмзэг мэдээллийг тодорхойлсон: үндэс угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд, генетик ба биометрик мэдээлэл гэх мэт.
Чухал тодруулга:
- Регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, нэр, хаяг нь хуулийн утгаар «эмзэг мэдээлэл» биш, харин ердийн «хүний хувийн мэдээлэл»-д хамаарна. Гэвч эдгээр нь таныг шууд тодорхойлох мэдээлэл тул бид өндөр түвшний хамгаалалтаар хамгаална.
- Таны 3×4 гэрэл зураг (царайны дүрс) нь техник хэрэгслээр таныг тодорхойлоход ашиглагдвал биометрик мэдээлэл болж болзошгүй. Бид таны зургийг зөвхөн анкетад байрлуулах зорилгоор хадгалдаг, таныг таних биометрик систем ажиллуулдаггүй.
- AI-аар цээж зураг үүсгэх нэмэлт боломж ашиглавал таны зургийг гадаадад байрлах гуравдагч AI загварт дамжуулна. Энэ нь тусгай, тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр л хийгдэнэ.
4. Боловсруулах эрх зүйн үндэслэл ба зорилго
Бид төрийн байгууллага биш, хувийн хуулийн этгээд тул мэдээллийг дараах үндэслэлээр л боловсруулна:
- Таны зөвшөөрөл: Цуглуулах гол үндэслэл. Та анкет бөглөх, бүртгэл үүсгэх, AI ашиглах бүрт мэдээлэлтэйгээр зөвшөөрнө.
- Гэрээ байгуулах, хэрэгжүүлэх: Төлбөртэй PDF, бүртгэлтэй облако хадгалалт зэрэг үйлчилгээг үзүүлэхийн тулд шаардлагатай боловсруулалт.
Зорилго (тодорхой, хязгаарлагдмал):
- Та оруулсан мэдээллээр албан ёсны форматтай анкет (PDF) бэлтгэх
- (Сонгосон бол) AI-аар анкетын агуулгыг шалгах, зөвлөмж өгөх
- (Бүртгэлтэй бол) таны анкетыг шифрлэн хадгалж, дараа дахин засах боломж олгох
- Төлбөр тооцоо хийх
- Үйлчилгээний ашиглалт, хурдыг нэргүй статистикаар хэмжиж сайжруулах (2.5)
Бид анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор таны мэдээллийг боловсруулах, ашиглах, зар сурталчилгаа, профайл үүсгэхэд ашиглахгүй.
5. Зөвшөөрлийн нөхцөл
Зөвшөөрөл авахдаа бид дараахыг тодорхой танилцуулна:
- Цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
- Мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих мэдээлэл
- Цуглуулах мэдээллийн жагсаалт
- Боловсруулах, ашиглах хугацаа
- Мэдээллийг нийтэд ил болгох эсэх (бид ил болгодоггүй)
- Мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах эсэх, дамжуулбал хэн, юу
- Зөвшөөрлөө цуцлах хэлбэр
Хариу өгөхгүй байх, чимээгүй байх нь зөвшөөрөл гэж тооцогдохгүй — тиймээс бид урьдчилан тэмдэглэсэн (pre-ticked) checkbox ашиглахгүй.
Та зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно. Цуцлахаас өмнө хийгдсэн, хууль зөрчөөгүй боловсруулалт хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Гэр бүлийн гишүүдийн мэдээлэл: Анкет нь таны гэр бүлийн гишүүдийн нэр, регистр, огноог агуулдаг. Та эдгээрийг оруулахдаа тухайн хүмүүсийн мэдээллийг хуульд нийцүүлэн ашиглах хариуцлагыг хүлээнэ. Албан ёсны анкетын маягт нь эдгээр талбарыг шаарддаг тул энэ нь анкет бүрдүүлэх зорилгод нийцнэ.
6. Хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ
6.1 Нэргүй хэрэглэгч — зөвхөн төхөөрөмж дээр
Та нэвтрэлгүй анкет бөглөвөл бүх өгөгдөл зөвхөн таны браузерийн localStorage-д хадгалагдана. Эдгээр нь манай серверт хадгалагддаггүй. Браузерийн кэшээ цэвэрлэх, өөр төхөөрөмж ашиглах үед өгөгдөл алдагдаж болно — нэргүй нөхцөлд хадгалалтын хариуцлага танд байна.
PDF татах үед: PDF үүсгэхийн тулд анкетын агуулга HTTPS-ээр шифрлэгдэн Vercel (Сингапур)-ийн сүлжээ болон Cloudflare-ээр дамжиж, Монгол дахь манай серверт PDF болж буцна. Энэ агуулга хаана ч хадгалагдахгүй — зөвхөн PDF үүсгэх хугацаанд санах ойд байна.
6.2 Бүртгэлтэй хэрэглэгч — AES-256-GCM шифрлэлт
Нэвтэрсний дараа анкетын мэдрэмтгий талбарыг серверт хадгалахдаа AES-256-GCM алгоритмаар шифрлэнэ:
- DEK (Data Encryption Key): Хэрэглэгч бүрт өвөрмөц 256 битийн түлхүүр; үүгээр анкетын мэдрэмтгий талбарууд шифрлэгдэнэ.
- KEK (Key Encryption Key): DEK-ийг мэдээллийн сангаас тусдаа байрлах мастер түлхүүрээр дахин шифрлэн хадгална.
- Үүний үр дүнд манай инженер, администратор ч таны мэдрэмтгий талбарыг задлан унших боломжгүй.
6.3 Дамжуулалтын аюулгүй байдал
Браузер–сервер хоорондын бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нэвтрэхэд нууц үг ашигладаггүй (зөвхөн OTP буюу Google OAuth) тул нууц үг алдагдах эрсдэлгүй.
6.4 Сервер байршил
2026 оны 9-р сарын 28-наас эхлэн вэб үйлчилгээ Vercel-ийн, мэдээллийн сан Neon-ий Сингапур дахь серверт байрлана. Сүлжээний урсгал Cloudflare-ээр дамжина. PDF үүсгэх ажил Монгол Улс дахь манай өөрийн серверт хийгдэнэ. Бүртгэлтэй хэрэглэгчийн анкет Neon-д шифрлэгдсэн (6.2) хэлбэрээр хадгалагдах бөгөөд түүнийг тайлах мастер түлхүүр мэдээллийн сангаас тусдаа байна. Гадаадад хадгалах, дамжуулахад таны тодорхой зөвшөөрөл шаардлагатай тул нэвтрэх үед тусгайлан зөвшөөрөл авна (9-р хэсэг).
7. Хэн хандах эрхтэй вэ
| Этгээд | Юунд хандах | Байршил |
|---|---|---|
| Та өөрөө | Өөрийн бүх анкет | — |
| anketo баг | Шифрлэгдсэн өгөгдөл (унших боломжгүй), техникийн журнал | Монгол |
| Vercel | Вэб үйлчилгээг ажиллуулах сервер; хүсэлт, техникийн журнал | Гадаад (Сингапур) |
| Vercel (Web Analytics, Speed Insights) | Хуудас үзэлт, гол үйлдлийн тоо, хуудасны хурд — нэргүй, күүкигүй (2.5) | Гадаад (АНУ) |
| Neon | Мэдээллийн сан: бүртгэл, шифрлэгдсэн анкет, төлбөрийн бүртгэл | Гадаад (Сингапур) |
| Cloudflare | Сүлжээний дамжуулалт (PDF үүсгэх серверт хүрэх зам); хадгалахгүй | Гадаад |
| Манай PDF сервер | PDF үүсгэх үеийн анкетын агуулга (хадгалахгүй) | Монгол |
| QPay | Нэхэмжлэхийн дугаар, төлбөрийн төлөв | Монгол |
| SMS үйлчилгээ (CallPro) | Утасны дугаар (OTP илгээх) | Монгол |
| OpenRouter (AI) | Маскласан анкетын текст | Гадаад |
Хуулийн шаардлага ирвэл: Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүх, эрх бүхий байгууллагын тусгайлсан шийдвэр/шаардлага ирвэл бид түүнийг хуулийн хүрээнд биелүүлж болно.
8. AI туслах ба PII маскчлал
Та AI туслахыг ашиглавал анкетын зарим агуулгыг AI загварт (OpenRouter дамжуулалтаар) илгээнэ. Дамжуулахаас өмнө дараах мэдрэмтгий талбарыг автоматаар маскална (AI үзэхгүй):
- Регистрийн дугаар (Маягт-1, 2, 3 бүгд)
- Иргэний бүртгэлийн дугаар
- Утасны дугаар (үндсэн, нэмэлт, яаралтай)
- Гэр бүлийн гишүүдийн регистрийн дугаар
Нэр, хаяг, ажлын туршлага зэрэг чөлөөт текстийг AI анкетын агуулгатай ажиллахын тулд харж болзошгүй. AI-аар хийгдэх боловсруулалт нь зөвхөн таны гаргасан хүсэлтийн хүрээнд хийгдэнэ.
AI нь таны эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр автоматаар гаргадаггүй — зөвхөн зөвлөмж өгдөг.
9. Хил дамнасан дамжуулалт
Хуулийн дагуу мэдээлэл гадаад улсад дамжуулахад таны тодорхой зөвшөөрөл шаардагдана. anketo-ийн хувьд:
- Бүртгэл ба үүлэн хадгалалт: Та нэвтэрвэл таны бүртгэл (утасны дугаар), шифрлэгдсэн анкет, төлбөрийн бүртгэл Сингапурт байрлах Vercel, Neon-ий серверт хадгалагдаж, Cloudflare-ийн сүлжээгээр дамжина. Үүнд нэвтрэх цонхны тусгай checkbox-оор (урьдчилан тэмдэглээгүй) зөвшөөрөл авч, зөвшөөрсөн огноог хадгална.
- PDF татах: PDF үүсгэхийн тулд анкетын агуулга Vercel (Сингапур) болон Cloudflare-ээр дамжин Монгол дахь манай серверт хүрнэ; хаана ч хадгалагдахгүй.
- Вэб аналитик (2.5): хуудас үзэлт, гол үйлдлийн тоо, хуудасны хурдны нэргүй статистик Vercel Inc. (АНУ)-д очно; хувь хүнийг таних мэдээлэл агуулахгүй.
- AI туслах нь OpenRouter-ийн дамжуулалтаар гадаадад байрлах серверт текст илгээдэг (одоогоор идэвхгүй).
- AI цээж зураг үүсгэх боломж нь таны зургийг гадаадад байрлах загварт илгээдэг.
Тиймээс:
- AI туслахыг анхдагчаар идэвхгүй байлгаж, та идэвхтэй сонгож зөвшөөрсний дараа л ажиллуулна.
- AI ажиллахаас өмнө дамжуулах мэдээллийн жагсаалт, хүлээн авагч, гадаадад дамжуулагдаж буй болохыг тусгайлан танилцуулж зөвшөөрөл авна.
- Зураг дамжуулдаг AI цээж зураг үүсгэх боломжид тусдаа, бие даасан зөвшөөрөл авна.
10. Хэр удаан хадгалдаг вэ
- Нэргүй хэрэглэгч: Өгөгдөл зөвхөн таны браузерт хадгалагдах тул бид хадгалдаггүй, устгах зүйлгүй.
- Бүртгэлтэй хэрэглэгч: Бүртгэл идэвхтэй байх хугацаанд анкетын өгөгдлийг хадгална. Дансаа устгавал бид таны шифрийн түлхүүр (DEK)-ийг устгаснаар өгөгдлийг буцаах боломжгүй болгоно.
- Техникийн журнал: Ердийн тохиолдолд 30–90 хоногийн дотор устгана.
- Төлбөрийн бүртгэл: Санхүү, татварын хууль тогтоомжид заасан хугацаагаар хадгалж болно.
11. Таны эрх (мэдээллийн эзний эрх)
Та дараах эрхтэй:
- Зөвшөөрөх / татгалзах эрх: Сайн дурын үндсэн дээр
- Мэдэх эрх: Таны мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэх; гуравдагч этгээдэд дамжуулсан эсэх
- Залруулах эрх: Алдаатай мэдээллийг засуулах. Анкет доторх мэдээллийг та өөрөө шууд засаж болно.
- Устгуулах эрх: Хуульд заасны дагуу мэдээллээ устгуулах
- Хуулбар авах эрх: Өөрийн мэдээллийн хуулбарыг цаасан/цахим хэлбэрээр үнэ төлбөргүй авах
- Шилжүүлэх эрх: Хуулбараа өөр мэдээлэл хариуцагчид дамжуулах
- Зөвшөөрөл цуцлах эрх: Боловсруулалтын явцад хүсэлт гаргах
- Гомдол гаргах эрх: Боловсруулалтын үр дүнд гарсан шийдвэрт
Хүсэлт гаргах: hello@anketo.mn
12. Устгал ба «крипто-шредер»
Та бүртгэлээ устгахыг хүсвэл бид таны өвөрмөц шифрийн түлхүүр (DEK)-ийг устгана. Энэ нь шифрлэгдсэн өгөгдлийг хэн ч (бид ч) задлан унших боломжгүй болгоно — өгөгдөл практик утгаараа сэргээгдэшгүй устгагдсанд тооцогдоно. Энэ нь хуулийн устгуулах эрхийг бодитоор хэрэгжүүлдэг.
Бүртгэл устгах хүсэлтийг hello@anketo.mn хаягаар илгээнэ үү. Бүртгэл устгах тусгай UI одоохондоо байхгүй.
13. Аюулгүй байдал алдагдсан үед мэдэгдэх
Мэдээллийн аюулгүй байдал алдагдсан, кибер халдлагад өртсөн тохиолдолд бид:
- Зөрчил таны эрх, ашиг сонирхолд хохирол учруулахаар бол даруй мэдэгдэх бөгөөд мэдэгдэлдээ зөрчлийн агуулга, болзошгүй үр дагавар, авсан арга хэмжээ, холбоо барих мэдээллийг тусгана.
- Кибер халдлага, аюулгүй байдал алдагдсан тохиолдолд эрх бүхий байгууллага болон өртсөн хэрэглэгчдэд даруй мэдэгдэнэ.
15. Хүүхэд / насанд хүрээгүй этгээд
anketo нь насанд хүрсэн төрийн албан хаагч/нэр дэвшигчдэд зориулагдсан. 18-аас доош насны этгээдийн мэдээллийг цуглуулахаар зориудаар чиглэхгүй. Эрх зүйн чадамж хязгаарлагдмал этгээдийн мэдээллийг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр л цуглуулна.
16. Хяналтын байгууллага ба гомдол гаргах
Та энэ бодлого, эсхүл мэдээллийн эрхтэй холбоотой гомдлоо эхлээд бидэнд (hello@anketo.mn) гаргаж болно. Шийдэлд сэтгэл хангалуун бус бол:
- Хүний эрхийн Үндэсний Комисс: Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, гомдол хүлээн авч шийдвэрлэдэг эрх бүхий байгууллага
- Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
17. Бодлогын өөрчлөлт
Бид энэ бодлогыг шинэчилбэл “Сүүлд шинэчилсэн” огноог өөрчилнө. Цуглуулсан нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд бид танд мэдэгдэх үүрэгтэй. Чухал өөрчлөлт орвол бүртгэлтэй хэрэглэгчдэд мэдэгдэнэ.